НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ
- Нялх хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.
Эхийн сүү нь 0-5 сартай хүүхдэд шаардлагатай илчлэг, шимт бодисыг хангалттай хэмжээгээр агуулдаг тул 6 сар хүрээгүй хүүхдэд бусад төрлийн хоол хүнс, шингэн өгөх шаардлагагүй
- Хүүхдийг 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.
- Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ 6 сар хүрмэгц нэмэгдэл хоол өгнө.
6 сар ба түүнээс дээш насны хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чадахгүй болдог.
- Хүүхдийн нэмэгдэл хоол нь өтгөвтөр, өтгөн төлөвтэй байна.
Өтгөн, өтгөвтөр хоол хүнсний илчлэгийн нягтрал нь өндөр байдаг.
- Хүүхдийг насанд тохирсон давтамжаар хооллоно.
Хүүхдийг өдөрт хамгийн багадаа 2-3 удаа хооллох ба хоол хооронд 1-2 удаа хөнгөн зууш өгнө. 12-36 сартай хүүхдийг 3-4 удаа хооллоно
- Нялх, балчир хүүхдийн нэг удаагийн хоолны хэмжээг насанд тохируулан өгнө.
Дөнгөж нэмэгдэл хоолонд орж байгаа буюу 6 сар хүрсэн хүүхдэд нэг удаад 2–3 хоолны халбага буюу 30-45мл хоол өгч эхлэнэ. Хүүхэд томрох тутам тэдэнд өгөх хоолны хэмжээг аажим нэмэгдүүлж, 2 нас хүрэхэд нэг бүтэн аяга буюу 250 мл хоол өгнө.
- Нялх, балчир хүүхдэд аминдэм, эрдсийн бэлдмэлийг нэмэлтээр өгнө.
Бага насны хүүхдийн бие махбодын өсөлт эрчимтэй явагддаг тул аминдэм, эрдсийн хэрэгцээ өндөр байдаг. Энэхүү хэрэгцээг нэмэлт бэлдмэлээр хангаж болно. Хоол хүнснээс авах боломжгүй зарим төрлийн бичил тэжээл, ялангуяа Д аминдэмийг хүүхдэд нэмэлтээр өгөх зайлшгүй шаардлагатай.
- Бага насны хүүхдэд өдөр бүр 4 ба түүнээс дээш олон нэр төрлийн хүнсийг тогтмол өгөх шаардлагатай.
Нялх балчир хүүхдэд өгвөл зохих хүнсний бүтээгдэхүүнийг 7 бүлэг болгон ангилдаг.
- Үр тариа, үндэст болон булцуут ургамал
- Шош, буурцаг, самар
- Сүү цагаан идээ
- Мах, махан бүтээгдэхүүн
- Өндөг
- А аминдэмээр баялаг жимс, ногоо /лууван, ногоон сонгино, улаан лооль, өргөст хэмх, бууцай, чацаргана, алим, хулуу сүү, цөцгийн тос, өндөгний шар, элэг гэх мэт/
- Бусад төрлийн жимс, ногоо
Эдгээр 7 бүлэг хүнснээс хүүхдэд өдөр бүр хамгийн багадаа 4 нэр төрлийн бүтээгдэхүүн орсон хоол, хүнс өгөх хэрэгтэй.