385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЧААР ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТЫН ТОО БУУРЧЭЭ

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АЧААР ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТЫН ТОО БУУРЧЭЭ

Амьдралын хэв маягаас шалтгаалан монголчууд ходоодны хорт хавдраар өвчлөх нь элбэг. Улс даяар хэрэгжиж буй эрт илрүүлгийн хөтөлбөр нь өвчлөлийг эхэн үед оношлоход тусалж байна.

Өгүүллийг бичсэн: Цогхүүгийн Уранчимэг, Батсүхийн Одончимэг нар, Глобал Пресс Монгол
Гэрэл зургийг: Батсүхийн Одончимэг, Цогхүүгийн Уранчимэг нар Глобал Пресс Монгол

Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно. https://globalpressjournal.com/asia/mongolia/stomach-cancer-deaths-plummet-mongolias-new-early-detection-program/

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ — 58 настай Равжаагийн Ганболд хоолны шингэц муудах зовуурьтай зургаан жил болжээ. Тэрээр ходоодны хүчил саармагжуулагч уугаад нэмэргүй байсан ч эмчид үзүүлэхийн оронд өөртөө эмчилгээ хийдэг байв. Харин 2023 оны 2 дугаар сард тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэгт хамрагдахаар шийдсэн.

(Odonchimeg Batsukh/Global Press Journal)
Зураг 1: 58 настай, Равжаагийн Ганболд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын их эмч Нямдоржийн Өлзийтэй ярилцаж байна. Тэрээр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, ходоодны хавдраа эмчлүүлэн эдгэрсэндээ туйлын баяртай байна.

Олон шинжилгээ өгсний эцэст түүний ходоодны салст нь үрэвссэн болохыг олж мэдсэн бөгөөд энэ нь хавдрын шинж тэмдэг байх магадлалтайг эмч хэлжээ. Тэрээр Улаанбаатар хот дахь Хавдар судлалын үндэсний төвийг зорьж, эдийн шинжилгээ өгөхөд хорт хавдар гэдэг нь тогтоогдсон байна.

Монгол Улс ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. 2021 он хүртэлх хорин жилийн хугацаанд ходоодны хорт хавдрын нас баралт 100,000 хүн ам тутамд 20 тохиолдол бүртгэгдсэн ба цаашид ч ходоодны хорт хавдрын өвчлөлийн тоо өсөх төлөвтэй байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Үндэсний Статистикийн хорооны хамтарсан 2020 оны судалгаанд 2045 он гэхэд 100,000 хүн ам тутамд ходоодны хорт хавдрын тохиолдол 61 болох төлөвтэй байгаа тухай дурджээ.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг үзлэгийг орон даяар эхлүүлсэн бөгөөд эхний жилдээ ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо 2021 онтой харьцуулахад тав дахин буурчээ. (2023 оны статистик мэдээлэл хараахан гараагүй байна.)

(Uranchimeg Tsoghuu/Global Press Journal)
(Uranchimeg Tsoghuu/Global Press Journal)
Зураг 2 ба 3: Сүхбаатарын Үржиндалайд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дурангийн их эмч Галаахүүгийн Далай дурангийн оношилгоо хийж байна.
“Эрт илрүүлэг хөтөлбөрөөс өмнө ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн бараг 80-аас дээш хувь нь 3, 4 дүгээр үе шатанд буюу хожуу шатандаа оношлогддог байсан” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Баттулгын Халиунаа хэлэв.

Эрт илрүүлэг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрыг харьцангуй эрт үед нь оношлох боломжтой болж, үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа илүү үр дүнтэй эмчлүүлэх боломж бүрдсэн тухай Б.Халиунаа хэлээд “Үүний үр дүнд нас баралт буурч байгаа эерэг үр дүн ажиглагдаж байна” гэв.

Р.Ганболд өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдэх үед эмч нар түүнд хавдрыг эхэн үед нь оношилсон тул эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой гэжээ. Тэрээр ходоодны салст хуулах дурангийн мэс засалд орсон бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг ойлгосон.

Эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаад байдаггүй Р.Ганболдын хувьд Засгийн газраас санаачилсан эрт илрүүлэг хөтөлбөрт хамрагдан хорт хавдрыг эхэн үед нь эмчлүүлж чадсандаа өөрийгөө азтайд тооцдог.

(Uranchimeg Tsoghuu/Global Press Journal)
Зураг 4: Өмнөговь аймгийн иргэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрт илрүүлэг үзлэгт хамрагдахаар дугаарлан зогсож байна.

Засгийн газраас санаачилсан тус хөтөлбөр нь зонхилон тохиолдох өвчлөлийг илрүүлэх зорилготой бөгөөд үүнд найман төрлийн хорт хавдрын үзлэг, оношилгоо багтжээ. 2023 оны 12 дугаар сарын байдлаар хүн амын 38.6 хувь нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан тухай Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Дангаагийн Баярболд ярьсан.
“Эрт илрүүлэг нь хавдрын нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга” хэмээн Д.Баярболд хэлэв.

Тэрээр 2021 онд буюу эрт илрүүлэг хөтөлбөр хэрэгжихээс өмнө хийсэн судалгааг эш татан, хорт хавдраар өвчлөгсдийн 75 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 60 хувь нь таван жил хүрэхгүй хугацаанд нас барж байсан тухай ярилаа.

Мах, давс, бактери – гол шалтгаан

Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан, Барсын Доржготов болон мэргэжилтнүүдийн “БНМАУ дахь хорт хавдрын тархвар зүй-судлал” эрдэм шинжилгээний өгүүлэлд ходоодны хорт хавдрын тохиолдол өндөр байгааг монголчуудын хооллох хэв маяг, амьдралын өвөрмөц хэвшилтэй холбон тайлбарлажээ.

Тэсгэм хүйтэнд дасан зохицохын тулд монголчууд мах их идэж, цай хоолыг хэт халуунаар нь хэрэглэдэг ба давсны хэрэглээ өндөр байдаг нь ходоодны хорт хавдрын шалтгаан болдог.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан 2021 оны тайланд монголчууд хоногийн зохистой хэмжээнээс гурав дахин их мах иддэг тухай дурдсан байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хоногийн давсны хэмжээнээс хоёр дахин их давс хэрэглэдэг. Эрүүл мэндийн яамнаас гаргасан 2020 оны судалгаанд дурдсанаар монголчуудын ихэнх нь өдөр бүр давстай цай уудаг нь ходоодны салстыг гэмтээн, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг гэжээ.

(Uranchimeg Tsoghuu/Global Press Journal)
(Uranchimeg Tsoghuu/Global Press Journal)
Зураг 5 ба 6: Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лаборант Цэнд-Аюушын Энхбаяр (зүүн гар тал) болон Бат-Эрдэнийн Эрдэнэтуяа нар эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж буй иргэдээс цусны шинжилгээний сорьц авч байна

Тус судалгаанд ходоодны хорт хавдраар өвчилсөн монголчуудын 57.4 хувь нь хеликобактерийн халдвартай гэжээ. Хеликобактер нь ходоодны салстыг гэмтээдэг, хүн хооронд шүлс болон бусад биеийн шингэнээр дамждаг бактери юм. Арван монгол хүн тутмын зургаа нь уг бактериар халдварлагдсан. Ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулахын тулд хеликобактерийн халдварыг эмчлэх шаардлагатайг тус судалгаанд онцолсон байна.

Ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан нь зөвхөн хеликобактер биш юм. Зүүн Азийн зарим оронд хеликобактерийн халдвар бага хэдий ч ходоодны хорт хавдар өндөр байгааг судлаачид тогтоосон.

Мөн хеликобактерийн халдварын тархалт өндөртэй бусад орнуудад ходоодны хорт хавдрын түвшин бага байгаа нь газар зүйн байршил зэрэг олон эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг болохыг харуулж байна.

Монгол болон дэлхийн бусад улс орнуудад хийсэн судалгаагаар өндөрлөг бүсэд амьдрах нь ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл байх боломжтойг тогтоожээ.

‘Ходоодны гал’-аар наадах нь

Монголын уламжлалт анагаах ухаанд ходоодны хорт хавдрыг хүмүүсийн идэж буй хоол, хүнстэй холбон тайлбарладаг. Дэлхийн уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, гавьяат эмч Пунцагийн Баатар хэлэхдээ аливаа өвчин нь амьдралын хэв маягтай салшгүй холбоотой гэв. “Хүмүүс хоорондоо үл зохицох идээ, ундааг ихээр хэрэглэж байгаагаас ходоодны өвчлөл нэмэгдэж байна” гэж тэрээр хэлсэн.

“Монголчууд эртнээс ходоодны галын илч, улирлын хөдлөл зүй, жилийн дөрвөн улирлынхаа онцлогт тохируулан хооллож ирсэн уламжлалтай” хэмээн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн профессор, анагаах ухааны доктор Сүрэнжидийн Сээсрэгдорж хэлсэн.

(Odonchimeg Batsukh/Global Press Journal)
Зураг 7: Равжаагийн Ганболд Эрдэнэбулган суман дахь Булган хайрхан ууланд сүсэглэхээр очих үедээ гэрэл зургаа даруулав. Тэрээр улс даяар явагдаж буй эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж, ходоодны хорт хавдраа эмчлүүлэн эдгэрсэн нэгэн.

Уламжлалт анагаах ухаанд ходоодны гал гэдэг нь ходоодны хоол шингээх чадварыг хэлдэг. Өвлийн улиралд ходоодны галын илч дээд цэгтээ хүрдэг бөгөөд хүйтнийг тэсвэрлэхийн тулд өвлийн улиралд мах илүү их хэрэглэдэг тухай С.Сээсрэгдорж ярилаа. Зуны улиралд ходоодны галын илч хамгийн бага хэмжээнд хүртэл буурдаг ба махны хэрэглээг багасгах хэрэгтэй аж.

Р.Ганболдын хувьд хорт хавдартай нүүр тулсны дараа тэрээр эрүүл мэнддээ илүү анхаарч, хоолны дэглэм барьж эхэлжээ.

“Миний махны хэрэглээ өндөр байсан. Хамгийн тарган өөхтэй махыг иддэг байсан” хэмээн Р.Ганболд хэлсэн. Одоо харин тэрээр элсэн чихэр, давсны хэрэглээгээ багасган, цусан дахь сахарын хэмжээгээ байнга хянадаг болж, тамхинаас гарчээ.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.

Санал, хүсэлт

*