Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт “Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр” эхэллээ Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран Эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн зорилго нь сувилахуйн цогц чадамжийг боловсруулж, шинэ сувилагчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчилэн боловсруулах, нэвтрүүлэх замаар төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах юм .
“Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр” үйл ажиллагааг 2024 оны 11 дүгээр сард Архангай аймагт эхлүүлэхээр төлөвлөсний дагуу Эрүүл мэндийн газар дээр 11 дүгээр сарын 04-ний өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулан НЭ, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 10 сувилагчийг хөтөлбөрт хамруулж эхлээд байна.
Тус хөтөлбөр нь 3 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд Нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвийн шинэ сувилагч нар хамрагдаж байна.
Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэх цогц чадамж бүхий шинэ сувилагчийг бэлтгэхэд оршиж байгаа юм.
Тус хөтөлбөр нь:
• Шинэ сувилагчийн суурь сургалт
• Ажлын байрны сургалт
• Тойрон сургалт гэсэн үндсэн 3 том бүрэлдэхүүнтэй
Энэ долоо хоногт хөтөлбөрийн дагуу суурь сургалтын хичээлүүд Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг дээр үргэлжлэн явагдах юм.