385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ТАС ! СЭЭР ЦОХИХ МОНГОЛ НААДГАЙД ОЛНООРОО ХОШУУРЧ БАЙНА.

Тас! Сээр цохих Монгол наадгайд олноороо хошуурч байна

Хураангуй: Нүцгэн гараараа малын ясыг цохиж хугалах нүүдэлчдийн зугаа нь бэлтгэлгүй хүмүүст их эрсдэл учруулж байна. Гэвч хүмүүс сээр цохих гэж шуурсан хэвээр байна.

Өгүүллийг бичсэн: Хөхнохойн Хорлоо, Глобал Пресс Жоурналын Монгол дах редакц
Гэрэл зургийг: Хөхнохойн Хорлоо, Глобал Пресс Жоурналын Монгол дах редакц

Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал анх нийтэлсэн болно. https://globalpressjournal.com/asia/mongolia/thwack-breaking-bones-hot-new-mongolian-game/

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Бямба гарагийн нарлаг өдөр цементэн талбай дээр зүүн гартаа үхрийн сээрийн яс атгасан 16 настай Тэлмэн хүүг 100 орчим хүн ажиглан зогсоно. Хүү анхаарлаа төвлөрүүлэн, нүүрээ үрчийлгэж ирээд ногоон дээлийнхээ ханцуйг шамлан, баруун гараа зангидан ясны гол хэсэгт хэдэн удаа хүргээд авлаа. Тэгээд түр зогссоноо алхаар цохих гэж буй мэт баруун гараа хойш далайж ирээд ясыг хүчтэй гэгч нь цохив. Тас! хийх дуу гарч, өнөө яс яг мөчир шиг л хоёр хэсэг болж хуваагдав.

Энэ бол малчин Монголчуудын олон зууны түүхт уламжлалын орчин үеийн хувилбар болох сээр цохих наадгай юм. Короновирусийн цар тахлын үеэр энэхүү наадгай олон нийтийн сүлжээгээр дуулиан дэгдээсэн. Хөл хорионы үеэр нүцгэн гараараа сээрийн яс цохин хугалж буй хүмүүсийн видеог олон арван мянган хүмүүс үзэж, “Би нэг цохиод үзвэл яах бол, хугалж чадах болов уу” гэх бодол төрж, сээр цохих болжээ. Сээр цохих нь Монгол эрчүүдийн эр бяр, хүч чадлаа сорих уламжлалаас эхтэй. Сайн эр хүний 10 шинжид сээр хуга цохих чадвар багтсан байдаг. Мөн сайн сурах, чадварлаг илтгэх чадварууд багтдаг аж. Гэвч энэ наадгай эрсдэлтэй болохыг анхлан сонирхогч хэн боловч ойлгоно.

Монголын томоохон эмнэлгүүдийн нэг болох Гэмтэл, Согог судлалын үндэсний төвийн гар хурууны гэмтлийн тасагт хийгдсэн хоёр мэс засал тутмын нэгийг сээр цохих гэж оролдоод гэмтсэн өвчтөнүүдэд хийсэн байна. Зарим үед эмч нар хурууг нь тайрах ч тохиолдол гардаг байна. “Ясыг ясаар цохиход аль нэг яс нь хугарна” хэмээн тасгийн эрхлэгч, эмч Лхагвадоржийн Нанжид хэлсэн. Тэр дундаа жижиг гартай, ясны гэмтлийг даах чадалгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их хохирох эрсдэлтэй аж.

16 настай Оюунбаатарын Сүнжидмаа 2023 оны 2-р сарын 15-нд Орхон аймагт сээр цохиж байна. (Khorloo Khukhnohoi/Global Press Journal)
17 настай Төгөлдөрийн Болдбаатар 2023 оны 2-р сарын 15-нд Орхон аймагт сээр цохиж байна. (Khorloo Khukhnohoi/Global Press Journal)

Гэвч Монголын төвийн хойд хэсэгт 13-аас 16 насны хэдэн арван хүүхдийг хамруулсан тэмцээн саяхан болж, хүүхэд бүр сээрийн нэг яс цохин, дараагийн шатанд шалгаран уралджээ. Сээрийн яс нь 20-30 сантиметрийн урттай байх ба махны дэлгүүр, малчин өрхүүдээс худалдан авч бэлтгэдэг байна. Тэмцээнд оролцогчид ясыг барьцтай цохихын тулд нимгэн даавуугаар гараа боодог ч энэ нь хангалттай жийргэвч болж өгч чаддаггүй. Бас хамгаалах бээлий өмсөхийг хориглодог. Оролцогчдыг харахад энэ наадгай ямар эрсдэлтэй болох нь илэрхий байсан. Хурууны үен нь хавдсан, гар боосон даавуу нь цусанд хутгалдсан байв. Тэлмэнгийн баруун гар нь хөхөрсөн байсан. (Насанд хүрээгүй тул бүтэн нэрийг нууцлав).

Тэрээр “Сээр цохих үед часхийн хугарах чимээг сонсохоор сэтгэл сэргэж, үгээр хэлэмгүй гоё мэдрэмж төрдөг” гэж хэлсэн.

2023 оны 2-р сарын 15-нд Орхон аймагт болсон сээр цохих үйл ажиллагаанд ашигласан яснуудын нэг энэхүү тэмээний яс байжээ. (Khorloo Khukhnohoi/Global Press Journal)

Сээр цохих уламжлал тэртээ 13-р зуунаас эхтэй хэмээн соёл судлаач Базаргүрийн Юндэн хэлсэн. Нүүдэлчин малчид үхэр, шар, сарлаг, тэмээний мах идэхдээ олноор цуглан, мөлжсөн ясаа хуга цохидог байсан. (Монголын соёлд морийг эрхэмлэн дээдэлдэг тул ясаар нь нааддаггүй байна.) Монгол улс хотжисноор яс цохих нь өвлийн зан үйл болж, айлууд идэшний үхрээ төхөөрч, эрчүүд 12 дахь сээрийн ясыг нь хугалах гэж оролдох болсон.

Дүгэрсүрэнгийн Лхагва-Очир бол энэхүү наадгайг дахин сэргээж, үндэсний хэмжээний мэргэжлийн спорт болгон хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг нэгэн. “Зүгээр нэг яс цохиод байгаа хэрэг биш” гэж тэрээр хэлээд, “Энэ бол Монголын наадгай. Эрт дээр үеэс уламжлалтай нүүдэлчин соёлд эрчүүд эр бяраа сорьдог ёс заншилтай” гэв. 2019 онд Д.Лхагва-Очир Монгол туургатны сээр цохигсдын нэгдсэн холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцсон бөгөөд 20-иод гишүүнтэйгээр жил бүр аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг аж. Тэд уг наадгайг албан ёсны болгон, Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, Соёлын байгууллага буюу ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэж итгэдэг.

2020 онд тэдний хүчин чармайлт санаандгүй олонд хүрч чадсан. Коронавирусийн үеэр Монголд хатуу хөл хорио тогтоож, сургууль, албан газрууд хаалгаа барьж, үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Утсаа маажихаас өөр хийх зүйлгүй, гэртээ уягдсан монголчуудад сээр цохихоор хуйларч эхэлжээ. Сээр цохиж буй нэгэн бичлэгийг нийтэлсэн Д. Лхагва-Очирын хэлснээр зөв техникийг сурч чадвал өсвөр насныхан ч тэдэн шиг сээрийг аюулгүй цохих боломжтой аж. Тухайлбал, хуруугаараа биш, гарын алганы хэсгээрээ ясыг цохих ёстой гэв. Фэйсбүүк дээр нийтэлсэн саяхны бичлэгт жишээ нь туяхан биетэй гурван охин сээрний ясыг харандаа хугалж байгаа юм шиг цохино.

Хишигсүрэнгийн Банзрагч сээр цохих наадгайг өмнө сонирхож, энэ төрлийн видеог ахин дахин үзсэний дараа амтанд нь бүрмөсөн оржээ. Одоо тэрээр сардаа нэгээс хоёр удаа сээр цохидог бөгөөд хэзээ нэг өдөр тэмцээнд орно гэж боддог аж. Саяхны нэг өдөр тэрээр тэмээний яс цохиж хугалах гэж байгаад баруун гараа хөхрөөж, гэмтээсэн байна. Тэмээний яс нь үхрийн ясыг бодвол илүү том, хатуу учир хугалахад бэрх байдаг байна. 32 настай барилгын инженер тэрээр баруун гараа бэртээсний улмаас ажлаа хийж, машин барихад хүндрэлтэй байгаа аж. Түүний гэр бүлийнхэн, найз нөхөд нь сээр цохихоо болихыг гуйсан боловч тэрээр үл ойшоожээ. “Дуртай болохоор гараа гэмтээсэн ч эдгэснийх нь дараа дахиад л цохимоор санагддаг” гэж Банзрагч хэлэв. Сээр цохих нь түүнд бяр чадалтай, эр хүн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг тухай ярьсан.

Олныг дуурайж сээр цохих гэсэн монголчуудын ихэнх эмнэлэгт хандаж эмчлүүлдэг. Яс цохих нь гарын зөөлөн эдийг гэмтээн, хавдааж, бүр халдвар үүсгэдэг эрсдэлтэй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд цар тахлын өмнө яс хугарсан өвчтөнүүд ховор ирдэг байсан. Гэтэл зөвхөн арваннэгдүгээр сард эмч нар сээр цохисон гэмтлээс үүдэлтэй 10 мэс засал хийсэн. Сээр цохих сонирхолтой нэг хүн эмчилгээгээ хойшлуулсны улмаас гарт нь халдвар авч, эцэст нь биед тархаж, нас барсан тухай Л. Нанжид хэлсэн.

2023 оны 2-р сарын 28-нд Орхон аймагт 32 настай Хишигсүрэнгийн Банзрагч тэмээний яс цохих гэж байгаад баруун гараа гэмтээжээ. (Khorloo Khukhnohoi/Global Press Journal)

Эмч нарын үзэж буйгаар төрөөс сээр цохих тэмцээнд оролцох насны хязгаарыг тогтоох эсвэл гарын хамгаалалтыг сайжруулахыг шаардах хэрэгтэй байна. Мөн албаны хүмүүс цахим орчин дахь видео бичлэгийн тархцыг зогсоох боломжтой. Өнгөрсөн жил Ганжинхүүгийн Саранболорын 15 настай хүү Фэйсбүүкээс сээр хугалж буй бичлэг үзээд дуурайж хийх гэж оролджээ. Дараа нь түүний гар хүнд бэртсэн тул бичиж чадахгүй, 20 хоног хичээлээ тасалж, хичээлээ гүйцээх хийх хэрэгтэй болсон байна. “Азаар хөнгөн гэмтэл авсан. Хэрвээ хүнд гэмтэл авсан бол хэн хариуцлага хүлээх вэ. Цахим орчноор явж байгаа тэр сээр цохих бичлэгийг хянах хэрэгтэй” гэж Саранболор гүн санаа алдан хэлсэн. Соёлын яамнаас энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан.

Залуу бүсгүйчүүдийн сээр цохиж буй бичлэгийг үзээд Наранцогтын Хулангоо сээр цохиж үзэхээр шийджээ. “Эмэгтэйчүүдийг сээр цохиж буй бичлэгийг үзсэн хүн бүр тэднийг шагшин магтаж байсан” гэж 23 настай тэрээр хэлсэн. Тэрээр найзуудтайгаа нийлж сээр цохидог байсан аж. Тэрээр нэг удаа үхрийн том сээр цохиж байгаад гараа гэмтээжээ.Түүний баруун гар нь хавдаж, үзэг, цүнх, юу ч барьж чадахгүй болсон байна. Тэрээр өдөр бүр эмч дээр очиж боолт хийлгэж байсан аж. Их сургуулийн хичээлдээ явж чадахгүй байсан тул сургуулиасаа нэг сарын чөлөө авчээ. Тэрээр дахиж сээр цохих хүсэлгүй болсон тухайгаа хэлсэн.

Contestants prepare for a bone-breaking competition in Orkhon province, Mongolia, on April 8, 2023, by wrapping and powdering their hands. (Khorloo Khukhnohoi/Global Press Journal)

“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.

Санал, хүсэлт

*