“Охидод зориулсан яаралтай тусламжийн хайрцаг”-ийг сургуулиудын ариун цэврийн өрөөнд байршуулжээ
Өгүүллийг бичсэн: Хөхнохойн Хорлоо
Монгол Улсад сурагчид сарын тэмдгээс ичдэг байдлыг халж, охидыг дэмжих хэрэгтэй байгаа талаар олон улсын болон үндэсний хэмжээнд ярьсаар ирсэн. Харин хэсэг бүлэг охид нийлж, цаасаар хайрцаг хийж, өдрийн хоолны мөнгөөрөө биедээ туслах санаа олжээ.
Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно.
https://globalpressjournal.com/asia/mongolia/emergency-kits-girls-pop-school-bathrooms/mn/
МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Орхон аймаг дахь ерөнхий боловсролын хамгийн том дунд сургуулийн хонгил амралтын өдөр нам гүмхэн байв. Харин 9Б ангид дөрвөн охин “Охидын хайрцаг”гэсэн бичигтэй нил ягаан цаасан хайрцгийг чимэглэн шуугих нь энэ аниргүйг эвдэнэ.
Хайрцгийг ариун цэврийн хэрэглэлээр дүүргэх зуураа тэд энэхүү энгийн, гар доорх шийдэл ангийн охид болон өөрсдөд нь ямар чухал ач холбогдолтой болохыг шагшин ярина. Сар бүр ирэх биений юмнаас санаа зовохын хажуугаар зардал мөнгө нь хэцүү байдаг тул охид ариун цэврийн хэрэглэл биедээ авч явах нь ховор, бас нэгнээсээ асуухаас санаа зовдог.
“Хичээл орж байх үед гэнэт сарын тэмдэг ирэх их хэцүү байдаг. Ангийн охидоосоо хэрэглэл асуухад байхгүй гэдэг. Багшаасаа асуух гэхээр санаа зовоод байдаг” хэмээн 16 настай Б. Эмүжин хэлэв. Хоёр жилийн өмнө тэрээр ангидаа байхад нь сарын тэмдэг ирж, өмд нь нэвтэрсний улмаас маш их сандарч байснаа тэрээр ярьсан.
“Ангийн хүүхдүүд мэдчихвэл намайг шоолж, доромжлох байх гэдгээс айгаад шууд л арччихсан” гэж тэрбээр хэлэв. Энэ талаар ярихад ичгэвтэр сэдэв гэж тооцогддог тул тэрээр түүний бүтэн нэрээ хэлэхээс татгалзав.
Охидод тулгамдсан ийм асуудал байгааг олон улсын болон үндэсний судалгаа, дүгнэлт батлаад арваад жил болсон ч шийдэл олж чадаагүй. Харин Эмүжин болон түүний ангийнхан асуудлыг өөрсдийн гараар шийдэж, “охидын яаралтай тусламжийн хайрцаг”-ийг сургуулийнхаа бие засах өрөөнд байршуулжээ.
Сарын тэмдэг ирэх үед охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хамтраад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр гар нийлэн ажиллах хэрэгтэй, нэн ялангуяа хөдөө орон нутагт энэ нь асуудал болоод буй тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн. Дотуур байранд амьдардаг охид голдуу малчин айлын хүүхдүүд тул гэр лүүгээ ойр ойрхон очих боломжгүй, мөн тэдэнд эцэг, эхийн дэмжлэг дутдаг байдаг учраас сарын тэмдэг ирэх үед бэрхшээлтэй байдаг гэж 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд дурджээ.
“Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих боломжтой байх нь хүний суурь эрх юм. Сарын тэмдэг ирснээс болж охид хэн нэгэнд доромжлуулах ёсгүй” тэрбээр хэлээд, “НҮБ-ын Хүүхдийн сан охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг дэмжих зорилгоор сургуулиудын ус, ариун цэдрийн байгууламжийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүртээмжтэй болгохын тулд Засгийн газартай хамтран ажиллаж байна” гэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улсад ерөнхий боловсролын 848 сургуульд 355 мянга гаруй охид сурдаг. Тэднийг бүгдийг ариун цэврийн хэрэглэлээр хангахад сар бүр 2 тэрбум төгрөг шаардлагатай.
Засгийн газраас охидын ариун цэврийн хэрэглэлээр хангахад хөрөнгө зарцуулж, ялангуяа сурагчид дотуур байранд амьдардаг, ариун цэврийн хэрэглэл хомс хөдөөгийн 562 сургуулийг нэн тэргүүнд ариун цэврийн хэрэгслээр хангах хэрэгтэй гэж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Цэрэнжамцийн Мөнхцэцэг хэлсэн. Төсвөөс шийдэхэд хүндрэлтэй гэж үзвэл эхний ээлжид олон улсын болон бусад сайн дурын байгууллагуудын дэмжлэгээр эхлүүлж болох тухай ярьсан.
“Сарын тэмдэг бол ичих зүйл биш. Сарын тэмдгээс болж айж сандарч хичээл таслах нь байж боломгүй. Тиймээс бид үүнд анхаарал хандуулах цаг нь болсон” гэж тэрбээр хэлэв.
Хоёрдугаар сард Ц.Мөнхцэцэг болон УИХ-ын 12 эмэгтэй гишүүд хамтран сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэглэл байрлуулах төсвийг батлах, хэрэглэлийг татвараас чөлөөлөх, үнийг нь бууруулах талаар хуулийн төсөл батлах тухай саналыг засгийн газарт танилцуулсан. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжих боломжийн судалгаа хийж буй бөгөөд хуулийн төсөл батлагдсаны дараа 2024 гэхэд засгийн газарт танилцуулах боломжтой гэж Ц.Мөнхцэцэг найдаж байна.
Гэвч охидыг үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангах нь зардал өндөртэй гэж зарим хүн эсэргүүцэж байна.
“Хүүхдүүдийг багаас нь үнэгүй халамжид сургах нь буруу. Эцэг эх нь үүнд хариуцлага хүлээж хэрэглэлээр хангах үүрэгтэй” гэж Орхон аймгийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Балдандоржийн Ганболд хэлэв. Тэрээр энэхүү төслийг санхүүжүүлэхээр татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
Гэвч байгалиас заяасан зүйлээс болж охид ялгаварлан гадуурхалт өртөх ёсгүй тухай Ц.Мөнхцэцэг хэлээд Монголын ирээдүй болсон охиддоо хөрөнгө оруулах нь чухал гэв.
“Энэ бол охидын эрхийг хамгаалах нэг гарц гаргалгаа юм” тэрбээр хэлсэн.
Үндэсний хэмжээнд энэ асуудлыг шийдэх шийдэл олж чадаагүй байхад “охидын яаралтай тусламжийн хайрцаг” төсөл улс даяар хурдтай тархаж байна.
“Энэ асуудлыг томчууд сайн ойлгохгүй. Тиймээс охид бид өөрсдөө л шийдэх нь зөв юм байна гэж бодоод хийхээр зориглосон” гэж Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 17-р сургуулийн төгсөх ангийн сурагч 18 настай Ганхуягийн Нарангоо хэлэв. Тэрээр энэхүү кампанит ажлыг сургууль дээрээ хэрэгжүүлсэн анхны сурагчдын нэг юм.
Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв нь хоёрдугаар сараас хойш олон нийтийн сүлжээгээр энэхүү санаачилгыг олонд түгээхэд тус болсон. Тус төвийн Фэйсбүүк хуудас дээрээс энэхүү санаачилгыг хараад 16 настай Гантулгын Анужин Орхон аймагт өөрийнхөө сургууль дээр энэ хайрцгийг хийх талаар ангийн охид болон багшдаа хэлэхэд маш дуртай дэмжсэн байна. Цүнхэндээ ариун цэврийн хэрэглэл авч явах үед хөвгүүд мэдвэл шоолох тохиолдол их гардаг талаар тэрбээр хэлсэн.
“Хайрцгийг байршуулсан өдрөөсөө л таних, танихгүй олон охидоос талархлын мессеж ирсэн нь төсөөлснөөс илүү үр дүнд хүрсэн” гэв.
Охид хайрцгийг байршуулж, өөрсдийн өдрийн хоолны мөнгөөрөө ариун цэврийн хэрэглэл авч хийж байсныг багш нар болон бусад хүмүүс хараад сайн дураараа энэхүү санаачилгыг дэмжих болжээ. “Охид өөрсдөө энэ асуудалд санаа тавьж, хэнээс ч гуйхгүйгээр шийдэж байгаа нь үнэхээр мундаг” хэмээн Орхон аймгийн Ерөнхий боловсролын 8-р сургуулийн багш Баярсайханы Лхагважаргал хэлээд, “Үүнийг багш ажилчид бид л дэмжих ёстой” гэв.
“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.