385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Архинаас хамааралтай хүмүүсийг ажлын байраар хангаж, дэмжлэг үзүүлэх замаар архинаас гарсан иргэд Монгол Улсын архидалтын асуудалтай тэмцэж байна

Монгол Улс архидалтын түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг одоогоор хориглоод байна. Харин тус улсад хүмүүст ажлын байр олгох, тэднийг эрүүл амьдралд шилжихэд дэмжсэн олон ажлыг нутгийн иргэдийн санаачилгаар хийж байна.

Өгүүллийг бичсэн: Цогхүүгийн Уранчимэг, Глобал Пресс Жоурналын Монгол дах сурвалжлагч
Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно.  Global Press Journal
https://globalpressjournal.com/asia/mongolia/fight-mongolias-drinking-crisis-recovering-alcoholics-offer-lifeline/en/
Даланзадгад хот, Өмнөговь аймаг, Монгол Улс – Мужаан цехэд цахилгаан өрөм, алхны чимээ тасралтгүй сонсогдоно. Энд янз бүрийн багаж өрөөстэй байх бөгөөд монгол гэрийн тооно урлаж суугаа хүн бол 58 настай Дашжамцын Энхбат юм.
Энэ энгийн нэг мужаан цех боловч энд ажиллаж байгаа эрчүүд өөр өөрсдийн амьдралын түүхтэй. Энхбат төдийгүй бүгд архинаас гарсан хүмүүс.
Гэрэл зургийн тайлбар: 58 настай Дашжамцын Энхбат архинаас гарсан нэгэн бөгөөд Мөнхийн Гэгээн Амьдрал байгууллагын үүсгэн байгуулж, нутгийн хүмүүсийг мужааны цехэд ажиллуулж, архинаас гарахад нь дэмжлэг үзүүлж байна. (Гэрэл зургийг: Цогхүүгийн Уранчимэг, Глобал Пресс Жоурналын Монгол дах сурвалжлагч)

 

Архинд донтогсдын тоогоороо Монгол Улс дэлхийд толгой цохидог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд монгол хүмүүс европ хүмүүстэй харьцуулахад архинаас гурав дахин их хамааралтай байна.
Монголд архичин хүний талаарх сөрөг ойлголт зонхилдог боловч архидалтаас өөрийгөө татаж авч байгаа Энхбат зэрэг энгийн иргэдийн талаарх ойлголт нийгэмд дутмаг байдаг.
Энхбат 30 жил архи уухдаа ажилгүй болж, гэр бүлээсээ салсан тухайгаа хэлсэн юм. Тэр мөнгө зээлж, архи авч уусаар байгаад нэг мэдэхэд нэг сая төгрөгийн (360 ам.доллар) өртэй болчихсон байсан гэв.

“Миний амьдрал ёроолдоо тулсан байсан” гэж тэрбээр 2014 оноос өмнө амьдрал нь ямар байдалтай байсан тухай хэлсэн юм. “Би шавар шавхайнд хутгалдаж, гудманд гарч, өмд хамдандаа шээж явсан удаатай. Би үр хүүхдэдээ өгөх мөнгөө архинд зарцуулчихдаг байсан” гэж Энхбат хэлэв.

Тэрбээр 2014 онд архинаас гарсан бөгөөд зоригтой алхам хийж, Өмнөговь аймгийн засаг даргатай уулзах хүсэлт гаргасан байна. Ингэж уулзахдаа орон нутагт тулгараад байгаа архидалт, мөн архи уудаг хүмүүсийг ажилд авдаггүй зэрэг бэрхшээлийн талаар ярилцсан тухайгаа тэрбээр хэлсэн юм.
Тэгээд тэр өөрийн яггүй санаагаа уламжилжээ. Тэрбээр орон нутгийн сүмтэй залгуулан мужааны цех байгуулж, архинд орсон хүмүүсийг архины донтолтоос гарахад нь тусалж, ажлын байраар хангах тухай хүсэлт гаргасан аж. Энхбат өөртэй нь адилхан олон хүн архинаас гарахыг хүсдэг боловч хангалттай мөнгө, дэмжлэг байдаггүй тухай засаг даргад ярьсан байна.
Засаг дарга ажилд нь дэмжлэг үзүүлэхээр зөвшөөрөхөд тэр баярлан хүлээж авснаа хэлсэн юм. Улмаар 2015 онд тэрбээр Мөнхийн Гэгээн Амьдрал төрийн бус байгууллагаа амжилттай байгуулжээ.
Монгол Улсад иргэд болон орон нутгийн засаг захиргаадын тусламжтайгаар архидалтыг бууруулах зорилготой олон төрлийн аян, хөтөлбөр хэрэгжүүлсээр байна.
Өмнөговь аймагт 2009 оноос хойш долоо хоног бүрийн Лхагва гарагт архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хоригложээ. 2013 онд Архичид Аминчлахуй бүлгийн уулзалтыг тус аймагт зохион байгуулж эхэлсэн байна. Харин 2017 онд архидалтаас урьдчилан сэргийлэх гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 100 сая төгрөг (36,138 ам.доллар) төсөвлөжээ.

Тус аймагт хөтөлбөр үр өгөөжөө өгсөөр байна.

Монгол Улс дахь архины хэрэглээний талаарх 2018 оны албаны судалгаанаас үзэхэд Өмнөговь аймагт албадан эрүүлжүүлэгдсэн хүний тоо 2013-2018 оны хооронд тав дахин буурчээ.
Энхбат төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулснаас хойш зургаан жилийн хугацаанд амжилт бэрхшээлийн аль алийг үзэж яваагаа хэлэв.
Тус байгууллага нутгийн 300 гаруй иргэдтэй ажилласан бөгөөд заримыг нь ажлын байраар хангаж, тусламж үзүүлжээ. Гэвч зарим нь буцаад архи уугаад эхэлдэг.

“Архинаас гарч чадах нэгэн байна, чадахгүй нэгэн ч байна” гэж тэрбээр хэлэв.

Ишгомбын Нямбуу олон жил архинаас хамааралтай явжээ. Одоо тэр мужааны цехэд Энхбаттай хамт ажилладаг.
“Гэртээ байгаа хамаг эд зүйлээ хямдхан зараад архи аваад уучихдаг байсан” хэмээн тэрбээр хэлээд, “Би ханийгаа мөн ч их зовоосон доо” гэв.
Нямбуу өдгөө Энхбаттай тууштай хамтран ажиллаж, архинаас гарах хүсэлтэй эрчүүдийг мужааны цехдээ ажлын байраар хангаж байна.

“Өчигдөр бид хэд хоёр найзтайгаа очиж уулзсан” гэж Нямбуу хэлэв. Харин одоо “Тэд архи уугаагүй, хонины хоёр толгой чаначихаад хүүхдүүдээ тойруулан суучихсан, сэтгэл санаа сайхан байна гэж утсаар ярьсан” гэлээ.

Өмнөговь аймгийн Бүсийн оношлогооны эмчилгээний төвийн Сэтгэц, наркологийн их эмч Лувсаннямын Өсөхжаргалын хэлж буйгаар архинаас гаргах сайн дурын хөтөлбөр үр дүнтэй байдаг нь батлагдсан аж.
“Бүлгийн сэтгэл заслын хувьд иргэдийн дунд сайн дурын эмчилгээний бүлэг буюу Архичид Аминчлахуй цуглааныг үр дүнтэй гэж үзэх нь бий” хэмээн Өсөхжаргал хэлсэн юм. “Иргэд цуглаанд хамрагдаж, архинаас насан туршдаа татгалзаад явах бүрэн боломжтой байдаг” гэв.
Одоогоор архидалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх шинэ санаачилгууд, тэр тусмаа коронавирустай холбогдолтой хөл хорио, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа үед үргэлжлэн хэрэгжиж байна.
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас архидалтын эсрэг “Үгүй!” аяныг зохион байгуулжээ. Тус улс Хятад улстай хиллэх хилээ хааж, сургуулиуд, нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосноос хэдхэн өдрийн дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр аяныг эхлүүлсэн байна. Уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагууд цахим орчинд сурталчилгаа, ухуулга нөлөөллийн ажил хийжээ. Фэйсбүүкийн хүрээнд тус аян амжилттай хэрэгжиж, монголчууд хэрэглэгчийн зургаа “Үгүй!” аяны логогоор сольсоор байгаа аж.
Өмнөговь аймгийн Засаг дарга архи, согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчлэхийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хоригложээ.
Цэгмидийн Намуун энэхүү өгүүлийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулав.
“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын ашгийн бус хэвлэл мэдээллийн  байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн