385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Хэт халах үед ус сайн ууж, нэг дор их хэмжээгээр идэхээс зайлсхийхийг зөвлөе.

Ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тэгвэл хэт халуун үед хоол, хүнсэндээ хэрхэн анхаарах талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны Эрдэм шинжилгээний ажилтан П.Анугаас тодрууллаа. 



Тэрбээр “Бидний бие махбодод ус олон төрлийн үүрэгтэй бөгөөд дулааны тэнцвэрийг хангадаг.

Жишээлбэл гадаа хүйтэн үед судас агшиж, дулааныг өөртөө хадгалдаг. Харин гадаа халуун, бүгчим үед судас тэлснээр хөлс ялгардаг. Ингэж хөлс ялгарснаар дулаан гадагшилж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаас хөлсний 99 хувь нь ус байдаг. Иймд гадаа халуун үед шингэнээ нөхөх нь чухал. Түүнчлэн шингэний хэрэглээгээ хянах хэрэгтэй.

Хүнд өлсөх, цангах мэдрэмж яг адилхан мэдрэгддэг. Зарим хүн цангаж байгаагаа анзааралгүй өлсөөд байна гэж боддог. Улмаар ус уухын оронд юм иддэг. Мэдээж юм идсэнээр гаднаас илчлэг, шим тэжээл авч байгаа ч таны шингэнийг нөхөхгүй.

Насанд хүрсэн хүн хоногт дунджаар найман аяга ус уух хэрэгтэй гэж үздэг. Харин 1-6 насны хүүхдүүдийн өдрийн зөвлөмж хэмжээ нь таван аяга ус. Нэг дор хэт их ус уухгүйгээр ойр ойрхон бага багаар уухыг зөвлөж байна. Халуунаас сэргийлэх хүнсний зөвлөмжийн хамгийн гол зүйл бол шингэний хэмжээ юм” гэдгийг хэллээ.

“Халууны улиралд энергийн ундаа, спорт ундааг тохируулан хэрэглэх нь зүйтэй”

Үргэлжлүүлэн “Бие махбодод шингэний хэмжээ хэвийн үед шээсний өнгө тунгалаг өнгөөс бага зэрэг шаргал туяатай байна. Бие дэх шингэний хэмжээ бага байх тусам шээсний өнгө гүн шаргал болдог.

Гадаа хэт халж буй өдрүүдэд нэг дор их хэмжээгээр идэхээс зайлсхийхийг зөвлөе. Юм идэхээр нозоорч, нойр хүрдэг гэж хүмүүс ярьдаг. Харин эсрэгээрээ өглөө хичээлээ хийвэл толгой сийрэг байдаг гэдэг. Яагаад гэвэл тархи, ходоод хоёрын цусны эргэлтийн тогтолцоо нь эсрэгээрээ ажилладаг.

Өөрөөр хэлбэл гэдэс хоосон, өлсгөлөн байгаа тохиолдолд тархи цусан хангамжаар баялаг байна гэсэн үг. Харин юм идсэний дараа цусан хангамж хоол боловсруулалтдаа оролцдог. Ингэж хоол боловсруулахад дулаан үүснэ.

Нэг дор идсэн тэр хэмжээний хоол хүнсийг боловсруулахын тулд биед илүү их дулаан үүснэ. Гадаа халуун, дотор ч дулаан нэмэгдэнэ. Иймд аль болох олон давтамжтай бага хэмжээгээр нэг удаадаа идэвхтэй хооллох хэрэгтэй. Жимс, ногоог хүнсний сонголтдоо түлхүү хэрэглэх нь чухал” гэв.

Халууны улиралд энергийн ундаа, спорт ундааг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Төрлөөсөө хамаараад харилцан адилгүй боловч энэ төрлийн ундаа нь дийлэнх тохиолдолд нэг аяга кофенд байдгаас их кафейныг өөртөө агуулдаг. Хамгийн гол нь аливааг тохируулан хэрэглэх нь зүйтэй гэдгийг Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША П.Ану зөвлөж байна.

“Хэрэв гадаа ажилладаг бол заавал малгай өмсөж, ус сайн ууж, ажлын дундуур завсарлах нь чухал”

Наранд цохиулахаас сэргийлье:

  • Биед эвтэйхэн нимгэн цайвар өнгийн хувцас өмсөх
  • Гадаа наранд удаан хугацаагаар явахгүй байх
  • Нүдний шил, малгай тогтмол хэрэглэх, толгойгоо ойр ойрхон хүйтэн усаар норгох
  • Бүлээн усыг ойр ойрхон бага хэмжээтэй уух
  • Хэрэв та гадаа ажилладаг бол заавал малгай өмсөж, шингэн сайн ууж, ажлын дундуур завсарлан болж өгвөл олон цагаар ажиллахгүй байхыг зөвлөе.

Илрэх шинж тэмдэг:

  • Сульдах
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Амьсгаа давхцах
  • Гүйлгэх

via:  https://ikon.mn/n/2x6u

Санал, хүсэлт

*