7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Ж.Гантулга: Архины хамааралтай эсэхийг дөрөвхөн асуултаар тодорхойлж болно

“Архи, согтууруулах ундаа ба эрүүл мэнд” сэдвээр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн их эмч Ж.Гантулгын өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. 

Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн хүн өөрийнхөө амьдралын дунджаар 29 жилийг алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Мөн өвчлөл, нас баралтад хүргэж байгаа гол эрсдэлт хүчин зүйлийн нэг нь архи. 

Манай улсын эрчүүдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгааг зарим судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл архины хэрэглээ нэмэгдэж буй дэлхийн цөөн хэдэн орны тоонд Монгол багтаж байна. Тухайлбал нэг хүнд ногдох архины хэрэглээний түвшин нь Ази тивдээ дөрөвдүгээрт орж байгаа гэдгийг Ж.Гантулга эмч хэллээ. 

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аяны хүрээнд танилцуулсан түүний мэдээллийг хүргэе. 



Тэрбээр “Монгол хүмүүсийн 30 гаруй хувьд нь архи задалдаг фермент ген байхгүй нь судалгаагаар аль хэдийн батлагдсан. Тэрхүү ферментийн хэмжээ Европ хүмүүсээс 3.5 дахин бага болохыг тогтоосон байдаг. Энэ нь монголчуудын бие махбодод архи зохихгүй гэдгийг илтгэж байгаа юм.

Архины хамааралтай эсэхийг илрүүлэх дөрөвхөн асуултыг уншигчдаас асууя.

  1. Хэзээ нэгэн цагт та архи уухаа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу?
  2. Хэн нэгэн таныг их ууж байна гэж шүүмжлэн дургүйг тань хүргэж байсан уу?
  3. Та өөрийн архи уух явдлаа буруу гэж бодож, сэтгэл дундуур байж үзсэн үү?
  4. Өглөө босоод чичирч салгалахаа зогсоох гэж эсвэл эвгүйрхсэн дотроо засахын тулд дахин архи ууж үзсэн үү?

Хэрэв дээрх бүх асуултад “Тийм” гэж хариулсан бол архинд донтох эмгэгтэй буюу зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзнэ.

Нэгэнт архинд донтсон хүн яагаад архинаас гарч чадахгүй, олон асуудал дагуулсаар байдгийг тайлбарлая.

Архи нь хүний уураг тархинд голомтлог өөрчлөлт үүсгэдэг. Өөрөөр хэлбэл архи уух дур өдөөх буюу мэдрэлийн эс хоорондын мессэж дамжуулах тухайн бүтэц дээр өөрчлөлт бий болдог. Ийм учраас хувь хүний хүсэл зорилгоос үл хамааран архины хэрэглээндээ удирдуулж байгаа юм” гэлээ.

Архины хор нөлөө:

  • Нэг минут тутамд архины улмаас зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая хүн нас барж байна.
  • 20-39 насныхны нас баралтын 13.5 хувь нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэйг тооцоолжээ.
  • Архины шалтгаанаар нас барж буй дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэйчүүд байна.

Энэ талаар “Монгол Улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгааны үр дүнгээс харахад архинд донтох эмгэг 6.2 хувийг эзэлж байлаа.

Архи, согтууруулах ундаа бол хүний биед дутагддаг зүйл биш. Иймд архи огт хэрэглэхгүй байна гэдэг зорилгыг тавиад амьдрах нь хамгийн зөв шийдэл. Хэрэглэх тохиолдолд согттол замбараагүй, хяналтгүй хэтрүүлж болохгүй. Үүний араас дараа дараагийн сөрөг үр дагавар хүлээгдэж байдаг” гэдгийг Ж.Гантулга эмч ярилаа.

Архины шалтгаанаар бие махбодод гардаг өөрчлөлтүүд:

  • Элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30 хувь нь архидалтаас үүдэлтэй байна.
  • Хүсээгүй жирэмслэлт, уушгины хатгалгаа, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэх зэрэг өндөр эрсдэл бүхий зан үйлтэй хавсран тохиолдож байна.
VIA: https://ikon.mn/n/2ww5 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *