Зөвхөн толгойгоосоо халснаар наршдаггүй.
Орон даяар цаг агаар хэт халж буй тул наршилтаас сэргийлэх, гол усны ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ. Наршилтад бага насны хүүхдүүд, өндөр настнууд илүү өртдөг хэмээн Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөв.
Наршсан үед илрэх шинж тэмдэг:
- Дотор бачуурч нозоорох
- Нүд харанхуйлж, манарах
- Огиудас хүрэх
- Бөөлжих
- Суулгах
- Бага зэрэг халуурах
- Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авна.
Наршсан үед яах вэ?
Буцалсан усыг хөргөж задгай саванд хийн наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн ууна.
Наршихаас сэргийлэх энгийн аргууд:
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахаас зайлсхийх
- Наранд аль болох бага явах
- Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойгоосоо халснаар наршдаггүй.
- Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх
- Шингэнийг аль болох ойр ойрхон ууж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Түүнчлэн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхээс гадна аяга, таваг, хүүхдийн тоглоомд цэвэрлэгээ халдваргүйтгэл хийхийг зөвлөв.
VIA: Ikon.mn